Дархан сум Ахай бэйсийн хошуу нь анхлан XYIII зууны үед буй
болсон юм. Тус хошууны нутаг нь Хэвт ёсны тэргүүн /1908/ оны байдлаар
хойгуураа Баян-Эрхтий, Хэрлэнгийн тохой, зүүгээрээ Баянбулаг, Язаар
Эрэгнэг, өмнүүрээ, Холбоо хонгор, Бор-Өндөр, Яргайт, Бумба-Ус зэрэг
газраар хиллэхийн дээр нутгийнхаа дөрвөн талд Баян-Эрхтий, Баянбулаг,
Баян Ноён, Баян Хараат хэмээх “Баян” гэсэн нэр бүхий уул устай хойш
урагшаа зууван “Хонины өвчүү” хэлбэрийн газартай байжээ.
Сэцэн хан аймгийн Ахай бэйсийн хошууныхны дээр үед Хардал бэйсийн
хошууныхан хожим нь Боржигон Сэцэн вангийн хошууны харъяат болоод сүүлд
биеэ даасан хошуу болоход Боржигон Сэцэн вангийн хошууных болон өөр
нутгаас шилжин ирсэн хүмүүсээр бүрдэл болжээ. Энэ байдал нь тус хошууны
отог, овгийн бүтцээс харагдана.
Ахай бэйсийн хошууны харъяат ардын нэг хэсэг нь Халхын Түшээт Хан
аймгийн Дайчин бэйсийн хошуунаас /одоогийн Дундговь аймгийн Адаацаг
сумаас/ XYIII зууны сүүлчээр нүүдэллэн ирж суурьшсан байна. Тэгээд ч
тэдний удмынхныг “Цоохорынхон” гэдэг байжээ. 1690-ээд оны сүүлчээр
Манжаас Халх, Өөлдийг дайчлах үед Галдан Бошигт Хан Дархан уулын газар
байрлаж ахуйд Түшээт Хан аймгийн говийн хошуунаас дайчлагдсан цэргийн
ардын үлдэл нь сайхь Цоохорынхон болно.
Харин дурьдсан газар урьд оршиж агсан Сэцэн хан аймгийн Хардал жанжин
бэйсийн /Бишрэлт засгийн/ хошууны харъяат нь энэ нутгаас зүүншилж
Галшар хэмээх газар нутаглаж суужээ. Тиймээс ч Хардал бэйсийн хошууныхан
шөнийн цагаар ирж /нууцаар/ өөрсдийн өвгөд, дээдсийн шүтээн Дархан
уулыг тахиж сүлд хийморь, заяа буянаа даатгадаг заншилтай байжээ.
Ингэхлээр Ахай бэйсийн хошууны уугуул иргэд нь Боржигон, Халх, Баягуд
зэрэг овгийн хүмүүс болохоор байна. б. “Дархан” овогт хошуу, сум.
1921 оны Ардын хувьсгалаас хойшхи нутгийн захиргааг өөрчлөн шинээр
аймаг, хошуу, сумыг зохион байгуулахад 10 өрхөөр нэг баг, 150 өрхөөр нэг
сум зохиож, арванаас багийн захиргааг, багаас сумынхныг, сумаас хошуу
захиргааг, хошуудаас аймгийн захиргааг тус тус сонгон байгуулах
болгожээ.
Тэр ёсоор Манжийн ноёрхлын үеэс нэрлэж ирсэн Халхын дөрвөн аймгийн
нэрийг өөрчлөхөд мөнөөхөн Сэцэн Хан аймгийн Ахай бэйсийн хошууг газрын
нэрээр Хан Хэнтий уулын аймгийн Дархан уулын хошуу хэмээх болжээ. Тус
хошуу нь 1923 оны 6-р сард 4 сум, 12 баг, 58 арван болж, 579 өрх 2571
хүн амтайгаар байгуулагдсан байна. Тэр үеийн сум нь: 1. Билгэх сум
/занги нь Мишиг/ 2. Мандал сум / занги нь Сэрээтэр/ 3. Ноён Баян сум
/занги нь Сэвжид/ 4. Чандмань сум /занги нь / байжээ. Үүний дараа тус
улсын хүн ам цөөтэй зарим хошуудыг татан буулгаж өөр хошуудтай
цомхтгоход Дархан уулын хошуу нь 1928 онд Дашбалбар уулын хошуунд
нэгтгэгдсэн байна. Хуучин үеэс эхлэн удаан хугацаагаар уламжлан ирсэн
аймаг, хошуу, сумын нутаг дэвсгэрийн хуваарийг бүрмөсөн өөрчилж, эдийн
засгийн талаар тус орны нутаг дэвсгэрийг нь ангилан хувааж, хүн амын
байршил, ард олны аж байдалд зохицуулан шинээр 13 аймаг байгуулсан 1931
оны үед Хан Хэнтий уулын аймгийн зохион байгуулалтанд өөрчлөлт орж, тус
аймаг, Хэнтий, Дорнод гэсэн хоёр аймаг болоход Хэнтий аймгийн 28 сумын
бүрэлдэхүүнд Дархан уулын хошуу нь Дархан, Мандал гэсэн хоёр сум болсон
байна. 1930 онд хуралдсан тус аймгийн хошуудын төлөөлөгчдийн анхдугаар
хурлын тогтоолын дагуу 1931 оны 4-р сарын 29-нд Бор хужир гэдэг газарт
Дархан сумыг эмхлэн байгуулах шийдвэр гарчээ.
Чингээд 1932 оны үед Дархан суманд Оцолсансар уулын хошууны 200 өрх
ирж Буйлан гэдэг газар нийлснээр Дархан сум 13 багтай болсон бөгөөд
сумын төв нь нүүдэллэсээр 1937 онд Эрэгнэгт, 1938 онд Шавартайд, 1939
онд Дархан уулын зүүн өмнө биед Мэргэн хошууны баруун сугад одоогийн энэ
газарт төвлөрчээ.
No comments:
Post a Comment